“МОНГОЛ УР ЧАДВАР-2016” ТЭМЦЭЭНИЙ БУУХИА ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Манай улс Дэлхийн ур чадварын байгууллагад 2014 онд элссэн бөгөөд өнгөрсөн онд Бразилд  болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон билээ. Үүнтэй холбоотойгоор жил бүр “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан оролцогчдоо Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдүүлэхээр Хөдөлмөрийн яамнаас шийдвэрлэсэн юм. “Монгол ур чадвар-2016” тэмцээний анхных Говьсүмбэр аймагт хүнд машин механизмын оператор, автын засварчин гэсэн хоёр мэргэжлээр болсон бол үсчин, гоо засалчдын “Алтан хайч-2016” улсын уралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ.  Тэгвэл “Монгол ур чадвар-2016” тэмцээний буухиа үргэлжилж, Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд “Хавтанцар наах” төрлөөр мэргэжлийн ур чадварын тэмцээн өнгөрсөн баасан гаригт боллоо. Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал “Монгол ур чадвар-2016” тэмцээнийг энэ онд 10 мэргэжлээр  зохион  байгуулж буйг дуулгаад “ Ховд аймагт сантехникийн мэргэжлээр, Завхан аймагт барилгын өрлөгийн чиглэлээр гэх мэт үргэлжилсээр оны эцэст Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс ямар мэргэжлээр оролцох вэ гэдгээ тодорхойлно. Нөгөөтэйгүүр ийм тэмцээн зохион байгуулах нь хүүхдүүдийн сургалт, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэв. “Хавтанцар наах” ур чадварын тэмцээнд Увс, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Төв, Хэнтий зэрэг аймаг, нийслэлийн МСҮТ, политехник коллежийн 23 оролцогч өрсөлдсөн юм. 

МСҮТ-ийн дадлагын газарт оролцогчийн тоогоор зориулалтын хана босгосон байх бөгөөд тэмцээнд оролцогчид  өглөө 9:00 цагаас эхлэн өгсөн зургийн дагуу хавтанцар наах ажилдаа оров. Оролцогч бүр нэг туслахтай,  тэдний хажууд өнгө өнгийн хавтанцар, цавуу, цемент зэрэг барилгын засал чимэглэлийн материал, багаж төхөөрөмж байрлуулсан байна. Шүүгчид ажлын явц, материал, багаж төхөөрөмжтэйгөө ажиллаж буй арга барил зэргээс эхлээд олон зүйлийг ажиглаж суусан. 

Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн захирал Ч.Лхагвасүрэнгээс тэмцээний бэлтгэл ажлын талаар тодруулахад “Хөдөлмөрийн яам, Монголын Барилгачдын холбоо, манай сургууль хамтран тэмцээний бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал, нэг хүүхдэд 20х20 см хэмжээтэй өнгө өнгийн 215 ширхэг хавтанцар, гурван ширхэг каноп хавтан гэхчилэн олон зүйл шаардлагатай болсон бөгөөд нэг оролцогчийн тэмцээний бэлтгэлийг хангахад 300 гаруй мянган төгрөгийн зардал гарсан. Ийм хэмжээний хөрөнгө шаардсан бэлтгэл ажлыг хангахад дээрх гурван байгууллага хамтарч ажилласан учраас хүндрэл гарсангүй. Тэмцээнээс шалгарсан эхний зургаан оролцогч  хоёрдугаар шатанд өрсөлдөж, тэндээс шалгарсан нэг оролцогч ирэх онд Арабын Эмират улсад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрх авна” гэв.

Тэмцээн үргэлжилж, энд хавтанцар зүсэж, тэнд шавардаж, цавуудаж хоёр зааланд барилга, засал чимэглэлийн ажилчид завгүй ажиллаж байлаа. Оролцогчдын цөөнгүй нь охид байсан бөгөөд эрчүүдээс дутахгүй ажиллаж байгаа нь бахархууштай харагдлаа.

Өнгөрсөн онд Бразилийн Сан Паулуд болсон дэлхийн ур чадварын 43 дахь уралдаанд улсаа төлөөлж хавтанцар  наах төрлөөр оролцсон анхны  оролцогч нь Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн суралцагч Б.Мөнгөншагай байсан юм. Иймээс хавтанцар наах улсын уралдаан явуулах эрхийг тус сургуульд олгожээ. Хавтанцар наах тэмцээний талбайн шүүгчээр ажилласан тэрбээр “Манай улсад болж буй тэмцээнийг дэлхийн тэмцээнтэй харьцуулахад материал, тоног төхөөрөмжөөс эхлээд олон зүйл ялгаатай. Тухайлбал, зарим материал нь манайд байхгүй байх жишээний. Гэхдээ өмнө нь зохион байгуулсан Монгол ур чадварын тэмцээнтэй харьцуулахад хоёр жилийн хугацаанд оролцогчид сайжирсан нь харагдлаа. Дэлхийн тэмцээний үеэр хувийн зохион байгуулалт, багажтайгаа хэрхэн харилцах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хэр биелүүлж байгаа зэргийг маш нарийн харж шүүдэг. Энд ч мөн адил тэр бүгдийг харах болно” гэв. Манай тамирчид хоёр жил бэлтгээд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцдог бол гаднын улс орон таван жил бэлтгэдэг аж.

Монгол Улсад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 81 төв байдгаас 37 нь засал чимэглэлчин бэлтгэдэг.  Тэдгээрээс 23 нь тэмцээнд тамирчнаа сойжээ. Зарим нь хавтанцраа хуулж буцаан нааж байхад цөөхөн хэд нь даалгавраа гүйцэтгээд  дуусчээ. 16:00 цагт дууссан дуусаагүй бүгдийг нь зогсоолоо. 24 оролцогчоос долоо нь хананы  хавтанцрыг бүрэн нааж амжжээ. 1-2 хавтан нааж амжаагүй, бүх хавтанцраа нааж дуусаагүй ч гүйцэтгэл нь жигд явсан, алдаа багатай оролцогч байсан ч тэмцээний журам ёсоор даалгавраа бүрэн дууссан долоон оролцогчийн ажлыг дүгнэхээр болов. Оролцогчдыг шүүгчид нэг нэгээр нь дуудаж, хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг нарийн хэмжихийн хамт алдаа оноог нь хэлж өгч байв. Хананы дээд, дунд, доод хэсгийн урт, өргөний хэмжээ ижил эсэхийг, гадаргууны тэгш байдал, хаагуураа хотгор, гүдгэр байгаа зэргийг зориулалтын багажаар  хэмжиж, аль нэг хэсгээрээ хотойсон бол тэр хэсгийн шавардлагыг нимгэн тавьсных гэнэ. Мөн хавтанцрууд нэг шугаманд байгаа эсэхийг шалгаж эгнээнээсээ муруйсан, дөрвөн хавтанцрын уулзвар зөрсөн байвал алдаанд тооцож байв. Энэ мэтээс эхлээд шүүгчид нарийн шүүв. Тэр байтугайбагаж хэрэгслээ цэвэрлэсэн эсэхийг ч шалгасан. Зарим нь багажаа шавар, цементтэй нь орхисон байхад зарим нь багажны авдрандаа нямбайлан хийсэн байлаа. Энэ бүхнээс эхлээд алдаа оноотой бүгдийг тэмдэглэж оролцогчдод болон уддирдсан багшид нь харуулж алдаагаа хүлээн зөвшөөрч буй эсэхийг асууж байсан юм. Шүүгчид дүнгээ нэгтгэхээр боллоо. Энэ хугацаанд оролцогчид Дархан-Уул аймгийн  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаан, сантехник, өрөг угсрагч, гагнуур зэрэг ангийн оюутнуудын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг сонирхов. Үзэсгэлэнд саяхан нийслэл хотод болсон үсчин, гоо сайханчдын “Алтан хайч-2016” ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн оюутнуудын бүтээлийг ч дэлгэсэн байлаа. 

Тэмцээний дүн гарлаа. Оролцогчдоос шилдэг зургааг ажлын гүйцэтгэлээр авах ёстой онооноос хэдийг авснаар нь тооцож жагсаахад Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн Засал чимэглэлийн хоёрдугаар ангийн оюутан Э.Одонбаатар, Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн Засал чимэглэлийн хоёрдугаар ангийн оюутан Г.Должинсүрэн нар бусдыгаа тэргүүлж, араас нь Барилгын политехник коллежийн  Б.Очирболд, “Дархан-Өргөө” политехник коллежийн Б.Ариунтунгалаг, Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн С.Норовсамбуу, Өмнөговь аймгийн Политехник коллежийн Г.Мөнхбаяр нар шилдэгт багтсан юм. Эдгээр оюутан дараагийн шатанд өрсөлдөж түрүүлсэн нь ирэх оны Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Энэ удаагийн тэмцээнд тэргүүлсэн  Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн суралцагч Э.Одонбаатар “Хавтанцар наахад наахаас илүү зүсэлт хамгийн чухал гэж боддог. Тиймээс хэмжээгээ зөв гаргаж зүсэхийн тулд анхаарлаа хандуулсан. Тэмцээнд орсноор хавтанцраа гурван үе наагаад тэгш бусыг нь хэмжих хэрэгтэйг мэдэж авлаа. Дараагийн уралдаанд сайн бэлтгээд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохыг  хүсч байна” гэв. Тэмцээний даалгаврын зургийг Монголын барилгачдын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран боловсруулж, сарын өмнө Хөдөлмөрийн яамны сайтад байрлуулсан бөгөөд тэмцээний үеэр 20 хувийн өөрчлөлт хийх ёстой аж. Тиймээс даалгаварт өгөгдсөн нарны дүрсийг сар болгон өөрчилжээ. Тэмцээнд оролцогчдод 4.8 ам метр талбайд зургийн дагуу хавтанцрыг зургаан цагийн дотор наах шалгуур тавьсан. 

Тэмцээний ерөнхий шүүгч “Улаанбаатар барилга” компанийн захирал ерөнхий инженер, Монгол Улсын мэргэшсэн инженер Г.Чулуутаас тэмцээнийг хэрхэн шүүсэн талаар тодруулахад “Бид тэмцээний турш оролцогчдыг даалгавраа хэрхэн гүйцэтгэж буйг харсан. Тэгэхдээ хавтангийн тэгш гадаргуу, босоо хэвтээ заадсын тэгш бус, заадсын дүүргэлт, хэмжээ зэргийг харж шүүсэн. Хамгийн гол үзүүлэлт нь даалгаврын зурагт өгсөн дүрсний зүсэлт. Оролцогчид хавтанцар наах технологийн тэмдэг тэмдэглэгээг тавих тал дээр нийтлэг алдаа гаргаж байна. Цаг хугацаагаа тооцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа нь харагдлаа. Үүнээс гадна туслах ажилтан нь хавтанцар наахгүй, зуурмаг бэлтгэх, зүссэн хавтанцар, багажийг нь дөхүүлэх, орчныг нь цэвэрлэх гэх мэтээр ажиллах ёстой. Гэтэл манай оролцогчдын зарим туслах хавтанцар нааж байсан. Оролцогчид хичээвэл боломж байна” гэсэн юм.

Ийнхүү “Монгол ур чадвар-2016” тэмцээний буухиа Дархан-Уул аймагт үргэлжилж хавтанцар наах төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл