Ажил мэргэжлийн ирээдүй ба ур чадвар

Чадварлаг ажилтан гэж хэн бэ? Ямар ур чадварууд биднийг “чадварлаг” ажилтан болгох вэ? Ирээдүйн карьерын төлөвлөгөө маань ур чадварын хөгжилтэй хэрхэн уялдах вэ? Өөрийн тухтай, эрсдэлгүй орчин (comfort zone)-доо дадсан зүйлээ тууштай хийх үү? Эсвэл илүү сорилттой, магадгүй эрсдэлтэй, уналт-ололттой байх зүйлд өөрийгөө дайчлах уу?

Эдгээр асуултууд үргэлж л миний оюун бодлын нэг үзүүрт байсаар ирсэн. Хүн оюунаараа бүтээл туурвиж чадаж байгаа цагт хэзээ ч ажилгүй болохгүй гэж би боддог. Шинэ мэдээлэл, санаа, чиг хандлага, сайн туршлагыг бусдад түгээх, хуваалцах нь ч гэсэн бүтээл юм. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх боломж байгаа гэдгийг олон мундаг залуус харуулсаар байгаа ч, тэр нь массын харьцангүй цөөхөн хувийг эзэлдэг. Энэ нь нэг талаараа чанартай, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй түгээдэг монгол эх сурвалж хомс байгаатай холбоотой байх. Материаллаг бус, эерэг хэв маягийг түгээн дэлгэрүүлэгч, үлгэрлэгчид олон байгаасай, түүнд хувь нэмрээ оруулахсан гэж битүүхэн мөрөөдөж явдагаа нуух юун. Ингээд датанд үндэслэсэн, бяцхан эргэцүүлэмж хүргэе. Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал гэж нэрлэгдээд буй технологийн хурдтай шилжилт өөрчлөлтийн үр дүнд ирэх арван жилд дэлхийн нийт ажлын байрны гуравны нэг нь буюу 1 тэрбум ажлын байр хувьсан өөрчлөгдөх ба 2022 он гэхэд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай гол ур чадваруудын 42% нь өөрчлөгдөж, энэхүү технологийн шилжилт 133 сая шинэ ажлын байрыг бий болгоно гэж Дэлхийн эдийн засгийн форум үзэж байна. Өндөр хурдны мобайл интернет, хиймэл оюун ухаан, дата аналитик болон үүлэн технологи зэрэг нь бизнесүүдийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх өөрчлөлтийн гол хөдөлгөгчид болж, технологийн хурдацтай адаптацад (нутагшуулалт) ихэнх хөрөнгө оруулалтууд чиглэгдэж байна.

Эдгээрээс үүдэн олон ажлын байрны ажил үүрэг автоматжиж, шаардлагагүй болох хэдий ч зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний томоохон өсөлт нь шинэ ажил үүрэг, шинэ ажлын байрыг бий болгосоор. 2022 он хүртэл Дата аналистууд, Програм хөгжүүлэгчид, Цахим худалдаа болон нийгмийн сүлжээний мэргэжилтнүүд эрэлттэй байх ба Харилцагч үйлчилгээний ажилтан, Худалдаа ба маркетингийн мэргэжилтэн, Сургалт хөгжил, Хүн ба соёл, Байгууллагын хөгжлийн мэргэжилтэн, Инновацийн менежер зэрэг “хүний” ур чадвар шаардсан ажил мэргэжлүүдийн хэрэгцээ тогтмол өсөлттэй байх нь. Үүнээс гадна, сүүлийн үеийн технологиудыг ойлгох, ашиглахтай холбоотой Хиймэл оюун ухааны мэргэжилтэн, Том дата мэргэжилтэн, Үйл явцын автоматжуулалтын эксперт, Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч, Хэрэглэгчийн туршлага ба Хүн-машины харилцааны дизайнер, Роботик инженер, Блокчен мэргэжилтэн зэрэг шинэ ажлын байруудын хэрэгцээ шаардлага хурдтай өснө гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Зарим ажлын байр шаардлагагүй болж байгаа ч, тэрнээс хэд дахин их ажлын байр шинээр нэмэгдэж байна. Ажил горилогч их, ажлын байр их. Зөв ажил горилогч, зөв ажлын байр хоёр хаана уулзах ёстой вэ? Тэд хэрхэн бие биенээ олох вэ? Энэ бол дэлхийн болон Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй хамгийн том сорилт болох ур чадварын зөрүү (skills gap) юм. Та одоогийн албан тушаал дээр иртлээ хангалттай сурч, туршлагажиж ирсэн ч, энэхүү технологийн хувьсгал таныг үргэлж шинэ ур чадвар сурч, одоо байгаагаа хөгжүүлж байхыг шаардсаар байх болно. Дэлхийн эдийн засгийн форумаас хоёр жил тутам гаргадаг “Ажил мэргэжлийн ирээдүйн төлөв” судалгааны тайлангаас (2018) харахад хамгийн шаардлагатай чухал ур чадваруудад — аналитик (дүн шинжилгээ хийх) сэтгэлгээ, инноваци (шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэх), суралцах арга барил болон идэвхтэй сурч хөгжих зэрэг ур чадварууд орж байна. Мэдээж олон төрлийн технологийн ур чадварууд чухал ч үүнээс гадна, бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, ятгах ба тохиролцох чадвар, тэсвэр хатуужил, уян хатан байдал, асуудлыг цогцоор шийдвэрлэх зэрэг “хүний” ур чадваруудын үнэ цэнэ өснө гэж судлаачид, шинжээчид үзэж байна. Мөн сэтгэл хөдлөлийн чадамж, манлайлал, нийгмийн нөлөөлөл болон үйлчилгээний ур чадвар одоогийнхоосоо илүү хэрэгцээ шаардагдахаар байна. Хэвшмэл, давтамжит механик ажлуудыг автоматжуулснаар хөдөлмөрийн зардлыг хэмнэж, харин илүү үнэ цэнэ бүтээх, хүний онцгой ур чадварыг ашиглах нь бизнесүүдийн стратегийн нэг хэсэг байх нь. Burning Glass Technologies, Coursera, LinkedIn гэсэн 3 компанийн дата шинжээчидтэй хамтран Дэлхийн эдийн засгийн форумаас 2020 оны 1-р сард гаргасан “Jobs of tomorrow” судалгааны тайланд эрэлттэй ур чадваруудыг таван үндсэн бүлэгт хуваасан ба эдгээр нь — Бизнесийн ур чадвар, Салбарын мэргэшлийн ур чадвар, Хувийн ур чадвар, Технологийн суурь ур чадвар ба Технологийн шинэчлэлтийн ур чадвар юм. Та ямар ч салбарт, ямар ч мэргэжлээр ажилладаг байсан таны мэргэжлийн ур чадвар бол зайлшгүй эзэмших ур чадваруудын зөвхөн нэг хэсэг бөгөөд тэрнээс гадна хувь хүний (soft skills), бизнесийн, технологийн ур чадвар нь таны үнэлэмжийг өсгөх чухал хүчин зүйл гэдгийг ойлгох нь чухал юм. Олон улсын мэргэжлийн байгууллагууд бизнесүүдийг ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх буюу илүү сайжруулах, мөн шинэ ур чадвар эзэмшүүлэх, түүнд сургах нь стратегийн гол зорилт гэж үзэж байна. Тэгэхээр сургалт хөгжилд байгууллага ч тэр, ажилтан ч тэр нилээн цаг, хичээл зүтгэл, хөрөнгө зарах шаардлага гарч ирж байна. Ажилтнууд санхүүгийн хэрэгцээнээс илүү сурах орчин, хөгжих боломж, мэргэжлийн соёл, тодорхой хэмжээний эрх мэдэл (чөлөөтэй сэтгэх, санаагаа дэвшүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх, үнэлүүлэх) зэргийг илүүд үзнэ. Эдгээрийг мэддэг, ойлгодог, оновчтойгоор ашиглаж чаддаг, эргүүлээд үүнийхээ өгөөжийг байгууллагад өгч чаддаг (хамгийн чухал нь :) ) ажилтан чадварлаг ажилтан байна. Чадварлаг ажилтныг үнэлэх, дээрх боломжуудаар хангах нь түүнийг урт хугацаанд тогтвортой ажиллуулах гол хүчин зүйл байх болов уу. Харин нөгөө талаас хийх ажлаа хийгээд явдаг ажилтан үнэлэгддэг байсан цаг хэдийн ард хоцорсон. Урсгал усанд аюулгүйхэн шиг урсаад л явж байхад цаг хугацаа өнгөрч, ажлын туршлага гэх жилийн “тоо” нэмэгдсэнээр таны үнэлэмж өснө гэж найдах хэрэггүй. Та салбартаа, мэргэжлээрээ ажилласан 20 жилийн туршлагатай байлаа ч, хурдатай сэтгэж, шинэ туршлагыг хэрэгжүүлж, өөрлөлтийг ухаалгаар удирдаж, бусдад эерэгээр нөлөөлж чадсан шинэ залуучуудын удирдлаган дор ажиллах үе хаяанд ирэх нь.

Тиймээс сонголт таны гарт байгаа, амжилт хүсье.

Нийгмийн сүлжээнд шар мэдээ биш, хөгжлийн үрээр бусдыгаа манлайлагч залуус олон байгаасай.

“Та өөрийнхөө хүрээний 5 хүний дундаж нь” гэсэн үг байдаг, сайн нөлөөллийг өөрийн хүрээнээсээ эхэлцгээе.

 

Судалгааны мэдээллийн эх сурвалж:

Дэлхийн эдийн засгийн форум www.weforum.org

Сэтгэгдэл