Softskills чухал уу, Hardskills чухал уу

Өнөө үед шинжлэх ухаан-техникийн хөгжил өндөр хурдтай явагдсанаар бидний амьдарч буй хорвоо ертөнц нүдэн дээр маань өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хөгжил ч мөн хурдассан өнөө цаг үед энэ бүх өөрчлөлтийг гүйцэхийн тулд мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн мэдлэг, мэргэшил, чадвараа зөв ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд бусадтай өрсөлдөхүйц мэргэжилтэн болох хэрэгтэй.

“SOFTSKILLS" БУЮУ ДОТООД УР ЧАДВАР ОЙЛГОЛТЫН ТУХАЙД

Бүх судлаачид чадварыг 2 бүлэг болгон хуваадаг:

HARDSKILLS буюу гадаад чадвар,

SOFTSKILLS буюу дотоод чадвар. Softskills, Hardskills-ийн холбогдолтой ойлголтуудыг судалгааны ажлуудад бүрхэг, ойлгомжгүй тайлбарласан байдаг тул уг нийтлэлд өргөн өнцгөөс тайлбар өгөв. Ур чадварыг “ажилтны мэдлэг, чадвар болон мэргэжлийн хувьд чухалд тооцогдох чанаруудын нийлбэр, байгууллагын стратеги зорилт болон албан тушаалд тавигдах шаардлагад нийцсэн, ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах шинж чанарууд, нийгмийн болон хөдөлмөрийн үзүүлэлт” гэж ойлгодог үүднээс тайлбарлах болно. Мөн уг тодорхойлолтын үргэлжлэл болох “ур чадвар гэдэг нь хамт олонтойгоо хамт ажлын байран дээр үр бүтээлтэй ажиллах бэлэн байдлыг илтгэх шинж чанаруудын нийлбэрийг хэлнэ”. Уг тодорхойлолт дээр суурилан hardskill болон softskill-ийн тодорхойлолтыг гаргасан болно. Юуны түрүүнд орчин үеийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч өрсөлдөх чадвартай ажилтанд тавьж байгаа шаардлага, шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн дээрх нэр томъёо хэрхэн үүсэн, хэрхэн хувьсан өөрчлөгдсөн гэдэг дээр анализ хийсэн юм. Эдгээр нэр томъёо нь англи хэлний “hardware”- техник хангамж, “software”- программ хангамж гэдэг ойлголтуудтай ижил байдлаар үүссэн. Компьютер бол барьж, харж болдог материаллаг эд зүйл. Гэхдээ компьютерт хамгийн чухал нь бүх зүйлийг ажиллуулдаг программ хангамж байдаг. Чадвар үүнтэй л адил. Ажил дээрээ амжилт гаргахад нарийн мэргэжлийн ур чадвар шаардагддаг мэт санагддаг - үүнийг судлаачид “гадаад” ур чадвар гэж нэрлэдэг. Гэхдээ карьераа өсгөж, амжилтанд хүрсэн хүмүүс салбартаа хамгийн сайн мэргэжилтнүүд бус, харин эсрэгээрээ “дотоод” ур чадвартай хүмүүс байдаг. Иймд softskills ур чадварыг илүү дэлгэрэнгүй авч үзье. “Мэдлэг”, “чадвар”, “чадамж” гэдэг ойлголтуудын тайлбараас эхэлье. Мэдлэг гэдэг нь хүний ухамсартайгаар хүлээн авч, ой тоонд хадгалагдан үлдсэн бодит байдлын талаарх мэдээлэл. Чадвар аливаа үйлдэл хийхийг удаа дараа давтсаны эцэст бүрэн хэмжээнд эзэмшиж суусан дадал. Иймд хүн хийж чаддаг зүйлээ хэрхэн, яаж хийх талаар бодолгүй “автоматаар” хийдэг болчихсон байдаг. Чадамж нь чадвараас ялгаатай, ихэвчлэн оюун ухааны эрчимтэй үйл ажиллагаан дээр суурилдаг бөгөөд мөн сэтгэн бодох үйл явцыг хамардаг. Чадамж гэж олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар, амьдралын туршлага дээрээ үндэслэн аливаа үйлдлийг бие даан, ухамсартайгаар гүйцэтгэх бэлэн байдлыг хэлнэ. Тэгэхлээр, чадвар бол бодит нөхцөл байдалд өөрийн мэдлэгээ хэрэгжүүлэх боломжтой байдлыг илэрхийлнэ, чадамж нь бүтээлчээр сэтгэн, чадвараа сонгох боломжийг илэрхийлж байдаг. Softskills ур чадварууд ажилд ч, амьдралд ч маш чухал. Эдгээр ур чадваруудын ихэнх нь тавьсан зорилгодоо хүрэхэд ашиглагддаг. Хүн карьерийн шатаар дээш алхах тусам нийгмийн чадварууд амьдралд нь илүү их үүрэг гүйцэтгэж эхэлдэг бол мэргэжлийн чадварууд нь хойш тавигддаг. Иймд янз бүрийн тренинг, сургалтуудын 70% нь softskills ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Хүний мэргэжлийн салбарт гаргах амжилтын 85% нь дотоод ур чадвар, 15% нь гадаад ур чадвараас шалтгаалдаг. Тийм учраас ажлын ярилцлагууд дээр ихэвчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадвартай ямар нэгэн холбогдолгүй асуулт асууж, тест бөглүүлдэг. Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд ажил олгогчдын дотоод ур чадварт хандуулах анхаарал, сонирхол нэмэгдэж 93%-д хүрчээ. Үүнийг эдийн засаг дахь өөрчлөлт, мэдээллийн технологийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох юм. Softskills-ийн ач холбогдлыг орчин үеийн судлаачид улам ихээр цохон тэмдэглэх боллоо. World Economic Forum-ийн шинжээчид таамаг дэвшүүлж 2020 онд эрэлттэй байх 10 гол чадварыг жагсаажээ.

Тэдний таамаглаж буйгаар хамгийн чухал ур чадвар нь Хүнд хэцүү асуудлыг шийдэх чадвар байх юм. Дараа нь критик сэтгэлгээ, жагсаалтын 3 дугаарт бүтээлч сэтгэлгээ бичигдсэн байна. Жагсаалтад орсон бусад ур чадваруудаас дурьдвал: Хүн удирдах чадвар, Хүнтэй хамтран ажиллах, Таарч зохицох чадвар, Сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар, Дүгнэлт, Шийдвэр гаргах чадвар, Хэрэглэгчиддээ анхаарал хандуулах чадвар; Яриа хэлэлцээр хийх чадвар; Олон зүйлийн талаар зэрэг бодох чадвар. Эдгээр бүх ур чадварууд softskill-д хамаарна. “Хүний мэдлэг, чадвар, хүмүүстэй хамтран ажиллах, сэдэл зориг өгөх боломж, болоцооны нийлбэр; ятгах, яриа хэлэлцээр хийх; бусдыг араасаа дагуулах; бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар; байгууллагын стратегийн зорилт, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн ажлыг түргэн шуурхай, амжилттай хийж гүйцэтгэхэд шаардагдах чадвар; хамт олонтойгоо хамт ажлын байран дээр үүссэн нөхцөл байдалд үр бүтээлтэй ажиллах бэлэн байдлыг илэрхийлэх нийгэм-хөдөлмөрийн тодорхойлолт юм”.

✔ Soft skills бол үндсэндээ амьдралын ухаан юм.

Бүх чадваруудыг 3 бүлэг болгон хувааж болно:

Тусгай чадварууд (hard skills)

Танин мэдэхүйн чадварууд (аналитик сэтгэлгээ)

EQ-г бүрдүүлэгч чадварууд

“HARDSKILLS” БУЮУ ГАДААД УР ЧАДВАР ОЙЛГОЛТЫН ТУХАЙД

“Hard skills”-тэй харьцуулахад “soft skills”-ийн нэгдмэл ур чадварууд нь нөхцөл байдлыг дэс дараалсан байдлаар хүлээн авч, боловсруулж, улмаар хүнийг бие даан шийдвэр гаргахад хүргэдэг. Иймээс мэргэжлийн ур чадвар буюу hard skills-ээс илүү soft skills-ийг ашиглахад хамаагүй хэцүү байдаг. “Hard skills” ойлголтыг судлаачид дараах байдлаар тайлбарлажээ:

✔ Hard skills - гэдэг нь тодорхой ажил гүйцэтгэх чадвар, бусдад үзүүлэн харуулах боломжтой мэргэжлийн ур чадвар.

✔ Hard skills - гэдэг нь хүн тухайн цаг мөчид хийж буй ажил, үйлтэй холбоотой ур чадвар. Hard skills-ийг өдөр тутмын амьдралд ажиглаж, анзаарахад амархан байдаг. Тухайлбал, уурхайн өрөмдлөгийн мэргэжилтэн өрөмдөх багажны үйл ажиллагааны талаар танд төвөггүй ярьж өгч чадна. Түүний тайлбар товч, тодорхой, дэс дараалалтай байх болно. Soft skills ур чадваруудыг хир хэмжээнд эзэмшснийг шалгахад хэцүү байдаг. Ийм учир биеэ хэрхэн авч явахаа мэддэг, өөрийн болон бусдын хүсэл сонирхлыг ойлгодог, сонголт хийж чаддаг болсон цагт soft skills-ийг ашиглаж чадах юм. Hard skills:

Чадвар

Дүн шинжилгээ, экспертиз

Техникийн талын мэдлэг/мэргэшил

Ойрын хугацааны төлөвт эгзэгтэй

Хурдан хөгждөг

Бага хүчин чадлаар баталгаатай үр дүнд хүрдэг (сэдэл, сурах авьяас гэх мэт үндсэн үзүүлэлтүүд хангагдсан үед)

Урвуу хөгжил гэж байдаггүй.

Soft skills:

Чадвар

Үнэт зүйл

Үйлдэлтэй холбоотой зан төлөвийн загвар

Урт хугацааны хэтийн төлөвт эгзэгтэй

Удаан хөгждөг

Их хэмжээний хичээл зүтгэл гаргасан ч шаардлагатай түвшинд хүрнэ гэсэл баталгаа байхгүй (чадвар нь хязгаартаа хүрсэн)

Зарим тохиолдолд урвуу хөгжил явагддаг.

Аливаа хичээлийг “hard skills” эсвэл “soft skills” ур чадвар хөгжүүлдэг гэж шууд хуваахад хэцүү. Гадны их дээд сургуулиудад “Хүний нөөцийн удирдлага” мэргэжлээр суралцагчдын судлах хичээлүүд дотоод болон гадаад ур чадварыг аль алиныг нь хөгжүүлдэг. Гэсэн хэдий ч судлаачид зарим хичээлийг гадаад ур чадвар хөгжүүлдэг hard-хичээлүүд, дотоод ур чадвар хөгжүүлдэг soft-хичээлүүд гэж ангилжээ.

Сэтгэгдэл