Гадаад хэл сурах 3 арга, тэдгээрийн давуу болон сул талууд

Хэрэв та олон төрлийн сургалтаас алийг нь, яаж сонгохоо мэдэхгүй тулгамдаад байдаг бол энэхүү нийтлэлтэй танилцаарай.

Өнөөдрөөс англи хэл сурахгүй бол таван жилийн дараа таныг ажилд авах хүн олдохгүй. Гадаад хэл сурах нь хэрэглээнээс илүү хэрэгцээ болсон энэ цаг үед хүн бүр л дор хаяж ямар нэг хэл сурахыг зорьж байгаа билээ. Тэдгээр сурах хүсэл эрмэлзэл бүхий хүмүүс хэлний сургалтуудад хамрагдах нь хамгийн нийтлэг шийдэл.

Гадаад хэл сурахад мэдлэг олгох хэрэглээний программаас авахуулаад интернет хүртэл олон аргууд бий. Өнөө үед ихэнх ажлын байранд гадаад хэлний мэдлэгийг шаарддаг болсон. Тухайн мэргэжил эрэлт ихтэй байх тусам гадаад хэлний мэдлэгийг төдий чинээ чухалчилдгийг Холбооны Мэргэжил Сургалтын Хүрээлэнгээс тогтоосон байна. Хэрэв та ажил мэргэжлээсээ шалтгаалж ямар нэг хэл сурахыг хүсэж байгаа бол "Тухайн хэл танд яг ямар нөхцөлд хэрэглэгдэх вэ?" гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

Ажлын нөхцөлөөс хамаарч хэлний хэрэглээ нь өөр өөр байдаг. Эрдэмтэн судлаачид гадаад хэл дээрх мэргэжлийн төвшний нийтлэл, судалгааг уншиж, ойлгох ёстой байдаг бол, менежер хүн сайн тохиролцоо хийж чадах хэмжээнд тухайн хэлийг мэддэг байх хэрэгтэй. Сонсох, уншиж ойлгох, ярих, бичих, дүрэм болоод үгсийн сангаа баяжуулах нь хэл сурах бүрэлдэхүүн хэсгүүд юм. Хэрэв та тухайн хэлийг ямар зорилгоор түлхүү хэрэглэхээ тодорхойлвол дээрх хэсгүүдээс алийг нь илүү сайн хөгжүүлэхээ тодорхойлж, сурах үйл явцаа хөнгөвчилж болно. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хэл сурах ерөнхий 3 төрлийн нөхцөлийг тэдгээрийн давуу болон сул талтай нь танилцуулья.

Танхимын сургалт:

Хэл сурах хамгийн нийтлэг арга бол танхимын сургалт. Бусадтай хамт нэг баг болоод суралцах нь ихэнх хүмүүсийн хувьд илүү давуу талтай байдаг. Суралцагчид аяндаа өөрсдийгөө илэрхийлж, бие биетэйгээ ярилцах боломжтой бөгөөд багш асуултад шууд хариу өгөх боломжтой байдаг тул сурах үйл явцыг хялбар, хүртээмжтэй болгодог. Энэ тохиолдолд тав хүртэлх хүний анги дүүргэлттэй байх нь хамгийн тохиромжтой. Чингэхэд суралцагчид бие биенээсээ суралцаж, биесээ сэдэлжүүлж байдаг байна.

Зөвлөмж:

Хэрэв та сурах гэж байгаа хэлний ямар ч суурь мэдлэггүй бол сургалтад хамрагдах нь хамгийн зөв алхам.Энэ нь тогтсон цагт явагдах бөгөөд сургалтын, таны зүгээс зөвхөн хичээл зүтгэл, цаг хугацаа л шаардагдана.

Зайн сургалт:

Алсын зайн сургалт нь цаг хугацаа, орон зайн хувьд уян хатан нөхцөлөөр явагддаг. Хөл хорио тогтоосон энэ цаг үед зайн сургалт мөн цахим системийн тусламжтайгаар суралцах аргыг түлхүү ашиглаж байгаа. Жишээлбэл, хичээлүүд нь сургалтын платформ дээр татаж авах эсвэл И-мэйлээр авах боломжтой байдаг. Зарим сургалтууд CD диск хавсаргах нь ч бий. Энэ төрлийн сургалтад та ярих шаардлагагүй тул уншиж ойлгох, бичих чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүнд илүү тохиромжтой.

Зөвлөмж:

Хэл анхлан суралцагчдад зайн сургалт тийм ч тохиромжтой биш. Учир нь энэ нөхцөлд багшаас шууд асуух боломж байхгүй тул ойлгомжгүй зүйл гарахад будилж хоцрох нь элбэг. Харин гүнзгийрүүлсэн шатанд хэлний сонсох, унших мөн бичих чадваруудаа сайжруулахдаа зайнаас суралцах нь илүү цаг хугацаанд хэмнэлттэй.

Цахим сургалтууд:

Зайн сургалтын хувьд мэтериалууд татаж авахаар байдаг. Харин цахим сургалтын үед ихэнхдээ тогтсон цагт виртуал ангид хичээллэдэг. Тэгэхдээ багш нар, суралцагчид нэгэн зэрэг виртуал өрөөнд уулзаж, суралцагчид хичээлийг дэлгэцэн дээрээс шууд хүлээн авч, хоорондоо болоод багштайгаа чихэвч, микрофон ашиглан санал бодлоо солилцон суралцдаг. Ингэснээр илүү амьд харилцаа үүсэх бөгөөд хүн хооронд харьцах нөхцөл бүрдэнэ.

Зөвлөмж: Цахим сургалтуудыг яриа сонсголын чадвараа хөгжүүлэх гэж буй хүмүүс сонгох нь илүү тохиромжтой. Сургалтын программуудаас ялгаатай нь та чат эсвэл форум дээр шууд харилцах боломжтой байдаг тул ойлгохгүй үлдсэн зүйлээ асууж лавлах нь ч нээлттэй.

Сэтгэгдэл