Ирээдүйд үнэ цэнтэй байх мэргэжлүүдийн 80 хувь нь ОДОО ОГТ БАЙХГҮЙ

“Эмпасофт” компанийн Гүйцэтгэх захирал, көүч /хүний өөрийн дотоод нөөц бололцоог нээн чиглүүлэгч, дасгалжуулагч/ Н.Энхсайхантай мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

Тэрээр Монголын болон гаднын улсад хийгдсэн мэргэжил сонголттой холбоотой сүүлийн үеийн судалгаа, мэдээлэл, зөвлөгөөг багцалсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд-Чиний сонголт” нэртэй номоо энэ сард уншигчдын хүртээл болгохоор бэлдэж буй юм.

Бид хүүхдүүдийн мэргэжлээ сонгохдоо гаргадаг түгээмэл алдаа, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн ойлголцож зөвлөх ёстой, ирээдүйн чиг хандлагаа хаашаа зүглэж байгаа зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан юм.

КОД БИЧИХ, ГАДААД ХЭЛ СУРАХ, ГАГНУУР ХИЙЖ СУРАХ УР ЧАДВАРЫГ ЯМАР НЭГЭН АКАДЕМИК ХӨТӨЛБӨРӨӨР СУРЧ БОЛНО. ХАРИН МЭДРЭМЖИЙН УР ЧАДВАРЫГ ТЭГЖ СУРЧ ЧАДАХГҮЙ

-Мэргэжилээ буруу сонгох нь ямар уршигтай вэ? -ЭЕШ-ынхаа оноонд тааруулаад эсвэл ээж, аавынхаа хүслээр мэргэжлээ сонгосон хүүхдүүд ажлын байранд гараад миний мэргэжил биш юм байна гэдэг. Мөн хүүхдийг хүн байх гэдэгт анхаарч сургаагүйн улмаас нийгэмд биеэ зөв авч явах, олон нийттэй харилцах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэрэг дотоод мэдрэмжийн ур чадварын дутмагаас болоод ажлаас их гардаг нь судалгаагаар ажиглагдсан.

Сүүлийн үеийн хүүхдүүд тогтвортой ажиллах сонирхолгүй, ачаалал даах чадвар муутай, хариуцлага хүлээх чадвар сул байгаа нь ажиглагдаж байна. Код бичих, гадаад хэл сурах, гагнуур хийж сурах ур чадварыг ямар нэгэн академик хөтөлбөрөөр сурч болно. Харин мэдрэмжийн ур чадварыг тэгж сурч чадахгүй. Үүнийг эхнээс нь цэгцтэй сургахад эцэг эхийн нөлөө чухал. Одооны хүүхдүүд цаг үеэ дагаад өөрийнхөө тоглодог шиг тоглоом хөгжүүлэхийг, компьютерын программ бүтээх хүсэл мөрөөдөлтэй болж байна. Харин тэд хуучны арга барилтай эцэг, эх, багш нарын нөлөөгөөр устаж, үгүй болох гэж буй мэргэжлийг сонгох магадлал өндөр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд үгүй болох мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Банкны теллер ажлыг киоск машин хийж байна. Аяллын хөтөчгүйгээр зөвхөн гар утасны аппликэйшн татаад аялж байна. Хүний гараар хийдэг ажлууд автомат руу шилжиж байна. Хүүхэд гоё харагдсан юмандаа л татагддаг. Тиймээс эцэг, эх, багш нар хүүхэдтэйгээ хамтарч ажиллах нь чухал. Өөрчилж болдоггүй, сургуульд сураад олж авч чаддаггүй хэд хэдэн ур чадвар байдаг. Үүнд тогтвортой ажиллах, хүний үг сонсох, хүнтэй харилцах, гомдлохгүй ажлаа хийж чаддаг байх, тууштай байх зэрэг багтана.

Эдгээрийг хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй. Ажлаас гарах хамгийн том шалтгааны нэг нь тогтвортой ажиллаж чадахгүй байх юм.

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгааны дагуу ирээдүйд ямар мэргэжилийн чиг хандлага давамгайлах төлөвтэй байна вэ?

-2030 онд эрэлттэй байх ажлын байруудын 70-80 нь технологид суурилсан байна. Англи, орос хэл сурна, компьютер дээр ажиллана гэдэг маань дараагийн түвшин рүү шилжиж програмын хэл, код суралцах, юмны логик дарааллыг ойлгодог болох.

Математик, физикийн шинжлэх ухаанд дурлах болж хувираад байна.

-Ирээдүйд үнэ цэнтэй байх болон ирээдүйд устах магадлалтай мэргэжлүүдээс тухайлан хэлбэл?

-Ирээдүйд үнэ цэнтэй байх мэргэжлүүдийн дийлэнх нь технологитой холбоотой. Үүнд өгөгдлийн шинжээч, мэдээллийн аюулгүй байдлын ажилтан зэрэг багтана. Мөн мэргэжил гэхээсээ илүү мэргэшсэн мэргэжилтэн гэх нэр томьёо гарч ирсэн. Зөвхөн технологийн салбарын мэргэжилтэнг хариуцсан мэргэшсэн хүний нөөц зэргээр нарийвчилдаг болсон.

Устаж үгүй болох гэж буй мэргэжлүүд дунд хүний биеэр хийдэг ажлууд багтсан. Шуудан зөөгч, аялал жуулчлалын хөтөч, худалдагч, шатахуун түгээгч зэрэг машинаар болон хиймэл оюун ухаанаар орлуулж болох боломжтой мэргэжлүүд багтаж байна.

-Манай эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжлийг сонгоход хөндлөнгөөс нөлөөлөхдөө ямар алдааг түлхүү гаргадаг бол?

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ сайн сайхан яваасай, бидний алдааг бүү давтаасай гэж хүсдэг. Надад нэг хүүхэд хандаж байсан юм. Аав нь түүнийг удам дамжсан цагдаа бол хэмээсэн. Уг нь тэр хүүхэд инженер болох хүсэлтэй. Гэхдээ “Аавынхаа хүслийг биелүүлж цагдаа болбол би яаж аав шигээ зам дээр 40 жил зогсож, ажиллахгүйгээр арай өөр цагдаа болох вэ” гэж надаас асуусан. 1998 онд өөрсдийнхөө мэдэрч байсан зүйлийг 2050 онд хүүхдэдээ тохиолдох вий гэж бодох нь хэтэрхий өрөөсгөл асуудал. Бид ирээдүйн иргэдээ хойш нь татаад байдаг. Одоогийн тэтгэврийн тогтолцоо өөрчлөгдөхгүй юм шиг 18 настай хүүхдэдээ тогтвортой ажилтай байвал, тэтгэвэрт гарна гэж ярьдаг. Энэ бол алдаа. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээс гадуур юу хийж байгааг огт анхаардаггүй. Хүүхэд нь өдөржингөө PUB-G тоглоод байвал яагаад тоглоод байгааг нь нэг ч удаа асууж үзээгүй. Юунд нь дурлаад тоглоод байдгийг нь мэдэх гэж нэг удаа хамт тоглож үзээгүй. Энэ талаар ойлгож, ярилцах гэж үзээгүй болохоор хийж байгаа бүх юмыг нь буруутгадаг. “Чиний компьютерын урд өдөржин суух чинь буруу. Үүний оронд номоо дэлгэ” гэдэг. Гэтэл орчин үед сурах арга барил зөвхөн ном дэлгэхээс өөрөөр маш олон янз болж хувирсан. Хүүхдүүд сонсож, харж, кино үзэж, тоглоом тоглож, ярьж сурдаг болсон. Энэ бол сурах суурь арга барил. Хүүхдэдээ аль арга барил илүү сонирхолтой байгааг ойлгоход эцэг эхчүүд маш их асуудалтай байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ тухайн мэргэжлээр сургуулиа төгсөөд дараа нь яах билээ гэдгийг ерөөсөө ярилцдаггүй нь бас нэгэн алдаа юм. Хүүхдүүд сургуульгүй үлдэх вий гэсэн айдсаасаа болоод хамаагүй сургууль сонгох тохиолдол ч бий.

ХЭН НЭГНИЙ ХЭЛСЭН ҮГЭНД АМАРХАН ИТГЭХ, ЦААШ НЬ ЛАВШРУУЛАН УХАЖ, УНШИХ УР ЧАДВАР ХҮҮХДҮҮД БАЙТУГАЙ ТОМ ХҮМҮҮСТ Ч ДУТАГДАЖ БАЙНА

-Сүүлийн үед хүүхдүүдэд softskill хэрэгтэй байна гэж их ярих болсон. Үүнийг чухалчлан үзэх гол шалтгаан нь юу вэ?

-Бид softskill яагаад хэрэгтэйг өнгөцхөн жишээнээс ч харж болно. Ямар нэг сайтын фэйсбүүктээ шэйрлэсэн мэдээн доорх сэтгэгдлийг хараарай. Үүнээс хүмүүс аливаа зүйлд дүн шинжилгээ хийх чадвар буюу оюуны дархлаагүй байгаа нь ажиглагдана. Хэн нэгний хэлсэн үгэнд амархан итгэх, цааш нь лавшруулан ухаж, унших ур чадвар хүүхдүүд байтугай том хүмүүст ч дутагдаж байна. Энэ чадвар хүүхдэд байснаар ирээдүйд машин, механизм, хиймэл оюун ухаан, роботуудтай нэг ертөнцөд зэрэгцэж ажиллахад илүү хялбар байх юм.

Дараагийн чухал ур чадвар бол логик дараалалтайгаар сэтгэх.

Энэ нь суурь боловсролд аль хэдийнээ тусгасан байх ёстой зүйл. Суурь хичээлдээ сайн хүүхдүүд логиктой сэтгэдэг. Мөн технологитой харилцах харилцаа чухал. Технологийн боол байх уу. Эсвэл түүнийг ашигладаг эзэн байх уу гэдэг нь тухайн хүнээс шууд хамаарна. Технологийн хэрэглээг компьютер тоглох, youtube үзэхээр хязгаарлахгүй. Программын хэлийг ойлгодог, ямар дарааллаар үйл ажиллагаа өрнөөд байгааг логиктойгоор тусгаж авах хэрэгтэй.

Багаар ажиллах, хүнийг сонсох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэрэг энгийн мэт сонсогдох ур чадвар чухалд тооцогдож байна. Эдгээр ур чадварыг хүүхдэдээ үлгэр дуурайл болж зааж өгснөөр ирээдүйд хэчнээн зуун саяар сурч олж авах мэдлэгийг олголоо л гэсэн үг.

КӨҮЧ БОЛ ХҮҮХДЭД ЗАМЫГ НЬ ШУУД ЗААГААД ӨГӨХ БУС САЙН СОНСОГЧ БАЙЖ, ТУХАЙН ХҮҮХДИЙН СОНГОЛТОО ХИЙХЭД НЬ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХОД НЬ ТУСАЛДАГ

-Көүч үйлчилгээ авч буй хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар танд ханддаг вэ?

-Нэг хүүхэд надад анимэ үзэх дуртайгаа ярьсан. Энэ бол бид багадаа ном уншдаг байсантай л адил зүйл. Тэр хүүхэд “Аав, ээж хоёр намайг анимэ үзэх дуртайг ойлгодоггүй. Миний өрөөгөөр шагайгаад л шалгана. Намайг ширээнийхээ ард суу гэдэг. Ширээнийхээ ард суувал би хичээл хийж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ би сонирхлоороо анимэ үзээд япон хэлээр ямар мундаг ярьдаг болсныг аав, ээж хоёр мэдэхгүй. Энэ миний анимэ үзэж сурсан хэл. Намайг код бичиж, тоглоом бүтээх хүсэлтэйг ч мэдэхгүй. Аав, ээжийн хүсэл нь намайг Улаанбаатар хотод МУИС-д л сургах хүсэлтэй” гэсэн. Энэ хүүхэд өөрийнхөө ирээдүйг харчихсан байгаа юм. Гэтэл аав, ээж нь өөрсдийнхөө хүссэн замаар хүүхдээ явуулах гээд байдаг. Хүүхдүүд ихэвчлэн хоёр сонголтын голд байдаг. Хүн учраас хүүхэд юунд дуртайгаа сайн мэддэг. Энэ үү, тэр үү гэх хоёр сонголттой байдаг. Дуулах дуртайгаа мэдээд СУИС-д ормоор байдаг ч ээж намайг эмч бол гэсэн гэх мэт хоёр сонголтын голд байх нь элбэг. Көүч бол хүүхдэд замыг нь шууд заагаад өгөх бус сайн сонсогч байж, тухайн хүүхдийн сонголтоо хийхэд нь өөрөө өөрийгөө ойлгоход нь тусалдаг. А, Б гэдэг мэргэжлийг тус тусад нь авч үзнэ. Тухайн мэргэжлийнх нь бүх сайхан талыг болон сул талыг нь гаргаж ирнэ. Хүүхэд өөрийнхөө сонирхол хаашаа байгааг олж мэднэ. Аав, ээжийнхээ хэлснийг ч анхаарч тунгааж бодно. Улмаар хүүхэд өөрийнхөө дотоод нөөц бололцоогоороо шийдвэрээ гаргах юм.

-Сургалтын төлбөр сургууль, мэргэжил сонголтод их нөлөөтэй санагддаг?

-Аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй учраас хүүхдээ Цагдаагийн академид оруулна гэсэн гэж нэг хүүхэд надад хандсан. Тухайн хүүхэд өөрөө цагдаа болох ямар байдаг бол гэж дотроо битүүхэн айдастай байсан. Айдастай зүйл рүү нь хүүхдээ түлхвэл тухайн хүүхэд нэг бол айдсаа давж цагдаа болох байх. Эсвэл дундаас нь хаях байх. Тэгэхээр аав, ээж нар хүүхдийнхээ юу сонирхож байгааг сонсох хэрэгтэй. Харин ярилцаж, ойлголцож чадахгүй бол көүч, сэтгэлзүйч юм уу мэргэжлийн хүнтэй хүүхдээ уулзуулсан нь цаг хугацаа хожно.

ААВ, ЭЭЖҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ОЙЛГОХЫГ ХҮСВЭЛ ӨӨРСДӨӨ ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ

-Көүч, ментор хоёрын ялгаа нь юу вэ?

-Ментор гэдэг хүн бол дагуулан чиглүүлдэг. Өөрөөрөө үлгэрлэж чиглүүлдэг. Ментор хүн дээр хүүхэд хоёр асуулттай очихгүй. Аль хэдийн өөрийнхөө дагах замыг тодорхойлсон байна гэсэн үг. Көүч бол илүүтэй сонголт хийхэд нь тусалж тухайн хүний нөхцөл байдлыг нь ойлгож, сэтгэлзүйг нь давхар анхаардаг.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонголтод хөндлөнгөөс нөлөөлснөөс эерэг болон сөрөг үр дагаврыг гаргах хоёр талтай. Ер нь ээж, аав нар хүүхдээ ойлгодог байхын тулд, сонирхлыг нь мэдэхийн тулд яах ёстой вэ?

-“Dell” компаниас гаргасан судалгаагаар одоо сурч буй хүүхдүүдийн ирээдүйд хийх ажлын 80 хувь нь одоо огт байхгүй. Хүүхдүүд өөрсдөө ажлын байраа бий болгоод авч явна гэсэн үг. Ирээдүйг хүүхдүүд өөрсдөө бүтээх учраас эцэг, эхчүүд заавал үүнийг ойлгох шаардлагагүй. Өөрсдийгөө алхам тутамдаа хөгжүүлж байх хэрэгтэй. Хүүхэд Netflix-ээр юу үзэж байна. Үзэж байгаа кинонд нь юу гарч байгаа болоод ийм дуртай байгаа гэдгийг нь ойлгочихвол хүүхэдтэйгээ харьцахад амар байна. Хүүхдүүдэд Word, Excel дээр ажлынхантайгаа зэрэгцээд ажиллах чадвар. И-мэйл явуулах, хариу өгөх чадвар. Компьетерийн багтаамжид багтахгүй байгаа файлыг үүлэн орчинд хадгалах технологи зэрэг энгийн ойлголтуудыг мэдсэн байх хэрэгтэй. Хэрвээ эцэг, эхчүүд нь энэ талаар мэдлэгтэй, тодорхой хэмжээнд хүүхэдтэйгээ шинэ зүйлсийн талаар ярилцдаг бол хүүхэд ажлын байранд гараад шоконд орохгүй. Аав, ээжүүд хүүхдүүдээ ойлгохыг хүсвэл өөрсдөө хөгжих хэрэгтэй. Хямд төлбөртэй, хэрэгтэй сургалтууд олон бий.

-Одоо байхгүй ч ирээдүйд бий болох мэргэжлээр хүүхдүүд сурч байна гэж та хэлсэн. Үүнийг илүү лавшруулаад тайлбарлавал?

-Манай Дата анализийн сургалтад тэтгэвэрт гарсан эгч сонирхож ирэн суусан юм. Тэрээр “Эгч нь сампингийн үеийн хүн. Тооны машин гарч ирээд бидний ажлыг үнэхээр хөнгөвчилсөн. Тооны машин дээрээ овоо гаршаад байтал Excel гэх зүйл гарч байсан. Энэ нь надад амар байгаагүй. Овоо ойлгоод байж байтал татварын систем цахимд шилжсэн. Надад суурь нь байна. Тиймээс би дата аналистаар суралцмаар байна” гэсэн юм. Тухайн үед Монголд дата аналист буюу өгөгдлийн шинжээч гэдэг мэргэжил шинээр танигдаж байсан. Тэгэхээр тэр хүн маш соргогоор харсан байгаа юм.

-ЕБС-иуд хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгохын тулд ямар арга хэмжээ зохион байгуулбал зүйтэй бол?

-Зарим сургууль мэргэжилтнүүдийг урилгаар авчирч, хүүхдүүдтэйгээ уулзуулдаг. Үүнийг цахимаар зохион байгуулсан ч болно. Миний мэдэх нэг сургууль намайг урьж урилгаар хичээл заалгасан. Надтай зэрэгцээд гүний уурхайн уурхайчин, сэтгүүлчийг мөн урьсан байсан. Тэгэхээр мэргэжил болгонд ямар хүн шаардлагатай, юу хийдэг, цалин нь ямар байдаг зэрэг мэдээллийг салбартаа ажиллаж буй хүмүүсийн амнаас хүүхдүүд мэдээллийг шууд хүлээн авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр хүүхэд мэргэжлийнхээ талаар ойлголттой болж, хаанаас эхлэх ёстойгоо ч мэднэ. Би хүүхдүүдтэй уулзаж, зөвлөгөө өгөхдөө “Чи Монгол Улсын төдийгүй дэлхийн иргэн шүү” гэдгийг маш сайн ойлгуулахыг зорьдог. Өнөөдөр Монголоос гэрээсээ дэлхийн том компаниудад ажиллаж буй залуус улам олон болж байна.

ЧИНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ ОДООГИЙН БОЛОН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА НИЙЦЭЖ БАЙНА УУ ГЭДЭГ ЧУХАЛ

-“Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд буюу-Чиний сонголт” нэртэй номынхоо талаар мэдээлэл өгөөч?

-Энэ сард номоо бэлэн болгохоор ажиллаж байна. Ирээдүйн чиг хандлага технологи дээр суурилсан байгаа учраас энэ талаарх мэдээллийг цогц болгон багтаасан. Мөн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд ямар бэрхшээл тулгардаг. Мэргэжлээ буруу сонгохоор яадаг. Буруу сонгосон тохиолдолд яах ёстой. Багш нар ямар зөвлөгөө өгөх нь зүйтэй. Ямар мэргэжлүүд ирээдүйд үнэ цэнтэй байх талаар унших боломжтой.

Монголд нөхцөл байдал ямар байх талаар судалгааны дүнгүүдийг оруулсан. 2030 онд ирээдүйн чиг хандлага ямар байхыг тусгасан. Энэ номыг уншсанаар хүүхэд мэргэжлээ сонгохдоо яах ёстой талаараа бүрэн мэдээлэл авч болно. Мөн мэргэжил сонгох дэвтэр гэж бас гаргана. Энэ дэвтрийг бөглөж явснаар өөрийнхөө өөрчлөлтийг анзаарч, дүн шинжилгээ хийх боломжтой.

-Яг одоо мэргэжлээ сонгохоор төлөвлөж байгаа хүүхдүүдэд та юу гэж зөвлөх вэ?

-“ЭЕШ болоход хоёр сар л дутуу байна. Би мэргэжлээ сонгоогүй. Яах вэ багш аа” гэх хүүхдүүд байна. Эсвэл мэргэжлээ сонгосон ч эргэлзээд байна. Аав, ээжийнхээ хэлснээр мэргэжлээ сонгох уу, яах уу гэх асуултын тэмдэгтэй ирдэг. Ийм тохиолдлуудад би “Чи өөрийгөө эхлээд сонс” гэх зөвлөгөөг өгдөг. Чиний хүсэл мөрөөдөлтэй одоогийн болон ирээдүйн чиг хандлага нийцэж байна уу гэдэг чухал. Зүрх сэтгэл хийгээд нийгмийн эрэлт хэрэгцээ хоорондоо тохирч байвал зөв. Өөрийнхөө чаддаг, чаддаггүй ур чадвараа тодорхойл.

-Хүмүүс мэдэхгүй юмнаасаа айдаг. Технологи ирээдүйн чиг хандлага гэхээр маш хол сонсогдож байж магадгүй.

-Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор технологи юу хийдгийг бид нийгмээрээ ойлголоо. E-Mongolia-гаар төрийн үйлчилгээ авч байна. Банкны бүх аппликэйшнуудыг ашиглаж сурлаа. Ийм энгийн, өдөр тутмын зүйлс технологи руу шилжсэнийг хүмүүс анзаардаггүй. Үүнээс бид цахим руу шилжих үйл явц өрнөж байгааг харж болно.

-Цар тахлын үеэр бид олон зүйлийг өөрөөр харж эхлэх шиг болсон. -Цар тахлын үед эмч, сувилагч нарыг ямар чухал үүрэгтэйг илүү сайн ойлгох шиг боллоо. Сувилагч гэдэг мэргэжлийг ээж, аав нар цалин багатай, ачаалал ихтэй гэж хүүхдэдээ тайлбарладаг. Гэхдээ энэ мэргэжлийн үнэ цэн өссөөр байгаа. Дэлхийн олон орон сувилагчдын цалинг нэмж, нийгмийн халамжийн асуудлыг нь авч хэлэлцэж байна. Сувилагч, гагнуурчин, тогооч, үсчин зэргээр мэргэшээд насан туршдаа сайхан амьдрах боломж байдгийг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ орон зай эзгүйрнэ шүү дээ. Манай эцэг, эхчүүд хоол хийх дуртай хүүхдээ заавал эдийн засагч болгох гээд зүтгээд байдаг. Одооноос бид хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод анхаарч эхэлбэл 10 жилийн дараа Монголыг авч явах хүүхдүүд тэднээс төрөх болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд хүмүүст уриалга дэвшүүлбэл?

-Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайхан байлгахад хүн бүрийн оролцоо чухал. Та ажил дээрээ асуудалтай тулгарсан ч гэртээ битгий асуудлаа авч ороорой. Хүүхдийнхээ нүд рүү хараад ярилцаж үзээрэй. Хүүхэдтэйгээ нэг бүтэн өдрийг хамт өнгөрөөж, ууланд алхаж, цагийг зугаатай өнгөрөөх зүйлс хийгээрэй. Хоёулханаа мод, түлээгээ хагалах хоорондоо ч сайхан зүйлс ярилцаж болно. Хүүхэдтэйгээ өнгөрөөх чанартай цаг гэдэг бол хүүхдийнхээ ирээдүйг бий болгож буй алтан боломж. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл