Soft skill буюу зайлшгүй эзэмших чадварууд

Ажил мэргэжлийн ур чадварын өрсөлдөөн өргөжихийн хэрээр ажилтнаас маш олон төрлийн чадвар, чадавхийг шаардах болоод уджээ. Мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний зохион байгуулалт, сэтгэл зүй стрессийн менежмент, цаг төлөвлөлт зэрэг ажил олгогчоос бус ажилтнаас өөрөөс хамаарах хүчин зүйлсийг өнөөгийн хүний нөөцийн зах зээлийн тоглогчид голлон харах болсон нь нийгмийн шаардлага гэж болно.

Нэг үгээр хандлагаас хамаардаг эдгээр чадамж нь мэргэжлийн ур чадварын өмнө ороод удаж буй.

Дээрх чадваруудыг ерөнхийлөн Soft skills буюу зайлшгүй эзэмшвэл зохих чадварууд хэмээн тодорхойлж буй бөгөөд эдгээр чадварууд нь ажил, мэргэжил, ажлын байрны тодорхойлолтоос хамааран хүн бүрт хамааралтай байна.

Ажилдаа ахиц дэвшил гаргах, ажлын бүтээмжээ өсгөхийг хүсч буй хүн бүхэнд эдгээр чадварууд чухал бөгөөд мэргэжлийн ур чадвартай харьцуулахад эдгээрийг хэмжих боломжгүй, материаллаг бус, хэвшмэл биш зэргээрээ онцлог байдаг.

Тухайлбал: Анализ хийх чадвар Харилцаа холбоо тогтоох, бичих найруулах чадвар Сэтгэл хөдлөлөө удирдах, ажил амьдралын асуудлыг зааглан ялгах чадвар Ятгах, итгэн үнэмшүүлэх чадвар Асуудлыг шийдвэрлэх чадвар зэрэг нь товчхондоо Soft skill юм.

АНУ-ын Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгээс 2019 онд хийсэн судалгаагаар насны ангиллаас үл хамаарч ажил эрхэлж буй иргэд өөрийн софт скиллийг хөгжүүлэхэд илүүтэй анхаарч буй үр дүн гарчээ.

Софт скиллүүд нь бизнесийн харилцаанд эргэх холбоог сайжруулж урт хугацааны хамтын ажиллагаа үүсгэх анхдагч хүчин зүйл болдог учир ажил олгогчид энэ төрлийн чадвартай ажилчдаар багаа бүрдүүлэхийг эрмэлзэх болсон нь бодит эрэлт юм.

Олон улсын түвшинд экспертүүдийн нэрлэсэн софт скиллүүдийн заримаас дурдвал:

Харилцааны ур чадвар: Даргын хэлснийг хийдэг биш бусадтай харилцах харилцааны үндсэн дээр дараагийн хийх ажлынхаа зураглалыг гаргаж, түүнийг төлөвлөж чаддаг байх нь энэ чадварын гол шинж. Мөн энэ төрлийн чадвартай ажилтан хамтын ажиллагааны уур амьсгалыг эерэг болгож, урт хугацааны харилцааг үүсгэж байдаг. Гэвч энэ чадвар зөвхөн харилцагчдад хамаараад зогсохгүй хамт ажиллагсдынхаа зан төлөвт тохирч чаддаг байх, ямар үед илүү үр бүтээлтэй ажиллаж болох вэ? зэргийг хэлж өгөх урьдчилсан тасалбар болдог. Илтгэл, танилцуулга тавих, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох, хамт олны үйл ажиллагаанд оролцох, хамт олны зан төлөвийг ерөнхийд нь мэдэрдэг байх зэргээр хязгаарлагдаад зогсохгүй тохиромжтой тохуурхлыг зөв хандлагаар хүлээн авах, хэтэрхий албан хэвшмэл байдалд баригдахгүй байгаа байдлаар илэрнэ гэж ажил олгогчид тайлбарлажээ.

2. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар /EQ/ Оюуны чадавхи /IQ/-г өмнөх жилүүдэд илүү үнэлж, компаниуд ажил горилогчийг энэ төрлийн тест, асуултаар сорьдог байсан ч сэтгэл зүйн чадавхигүйгээр оюуны чадавхи дангаар бүтээмжтэй байж чадахгүй гэдэгт санал нэгдэж буй.

Хувь хүний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь түүний нийгмийн статусыг тодорхойлох нэрийн хуудас бөгөөд бизнесийн тогтвортой байдал, хүний нөөцийн суурьшил, байгууллагын соёлд ажилтны энэ чадвар нь нэг бол маш их эерэг нөлөөтэй, эсвэл маш их сөрөг үр дагаврыг авчирч чадах хүчтэй хэрэгсэл юм. Хэдэн жилийн өмнө “Халагдах урлаг” нэртэй нэгэн нийтлэлд энэ талаар маш энгийнээр ойлгомжтой бичсэн байсныг санаж байна. Ихэнх ажилчид ажил горилох үедээ хамгийн “сайн”-аараа байж, инээмсэглэж, насаараа танайд ажиллана гэдэг ч энэ сэтгэл зүй нь удаан хугацаанд үргэлжлэхгүй байх нь олонтаа.

Тэр ч байтугай хамт олны дунд биеэ авч явах, уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгаагаас тухайн хүний EQ тодорхой харагддаг. Хүмүүс дүүрэн хурлын танхимд хоцорч ирсэн нэг ажилтан уучлалт гуйхын оронд зовлон тоочих нь тухайн хурлын уур амьсгалд сөрөг нөлөөг шууд үзүүлж чадна. Зохимж нь хэдийд, хэнд хэлэх ёстой байсан бэ? гэдэг нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг илэрхийлдэг.

Мөн энэ төрлийн чадварын илрэл нь бусдыг энэрэх, уучлах байдлаар илэрнэ гэж зарим судлаачид үзсэн байгаа нь сонирхол татам.

Ажлаа гэртээ авч харихгүй байх нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг тогтвортой барихад ихээхэн тус болдог байна. Ажлын онцлогоос шалтгаалж зарим үед гэрээс ажиллах шаардлагатай болдог ч энэ нь бүтээмжийг бууруулаад зогсохгүй зарим тохиолдолд стрессийн хүчин зүйлийг нэмэгдүүлснээр EQ-д нөлөөлдөг гэжээ.

3. Уян хатан байдал Хөрвөх чадвартай андуурагдах нэгэн софт скилл нь уян хатан байдал /flexibility/ юм. Асуудалд хэт туйлшрахгүй олон талаас харж хандах, төсөл, хөтөлбөрийн аль ч үед зорилтот бүлгээс гадна өгөөж хүртээх бусад талыг олж харсан бол тэдгээрийг уян хатан байдлаар зохицуулах нь энэ чадварын илрэх хэлбэр.

Комфорт зоноос гарч, өөрийн мэдэхгүй чадахгүй шинэ сорилтуудтай нүүр тулах, өөрийгөө шинээр нээхийг эрмэлзэх, шинэ ажилд хамт олны тусламжтай хурдан суралцах чадвар байдаг бол уян хатан байх чадвар танд байдаг гэж болно. Төрөлхийн уян хатан чадвартай хүмүүс байдаг бол темпераментаас хамаарсан /магдагүй меланхолик болон сангвеник төрлийн хүмүүс/ хөрвөх чадвар муутай хүмүүс ч энэ төрлийн чадварыг эзэмших боломжтой. Энэхүү чадвар нь аливааг том зургаар харах, асуудлын гарч шийдлийг эрэлхийлэх зэрэг бүх төрлийн софт скиллийн суурь болдог байна.

4. Бүтээлч байдал/Зохион байгуулалт хийх чадвар Тэс өөр мэт 2 төрлийн чадавхийг нэг дугаарт багтаан бичсэнд гайхах байх.

Гэвч ажил олгогчдын хамгийн ихээр ажилтнаасаа хүсдэг зүйл нь “илүү бүтээлч байдал” юм. Хамгийн энгийнээр зөвхөн удирдлагын чиглүүлгээр эцсийн үр дүн нь хязгаарлагдах ёсгүй буюу тэд өөрийн хэлж, чиглүүлснээс илүү гарсан үр дүн, өгөөжийг ажилтнаас хүсч байдаг. Сошиал медиа, техник технологи, дизайн өндөр хөгжсөн өнөөгийн зуунд аливаад бүтээлч хандаж, хэвшмэл байдлаас гадуур сэтгэх нь цаг үеийн зайлшгүй шаардлага. Гэхдээ энэ төрлийн чадвар нь зөвхөн мультимедиа эсвэл дизайн технологийн салбарынханд хамаарахгүй бөгөөд аливаа хэвшмэл ойлголтыг залруулах, эсвэл үгүйсгэх хүчтэй болон зайнаас нөлөөлөх шинжтэй аливаа ажил, бүтээлийг хамааруулж ойлгож болно. Хэвшмэл ойлголтоос гадуур сэтгэх хэд хэдэн бололцоо бий.

Нийгэмд хамгийн их түгсэн хэвшмэл ойлголт болох хар өнгийн хөхөвч хөхний хорт хавдар үүсгэдэг гэх ойлголтыг эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани хөхөвчний ариун цэвэр болон тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах нь хөхөвчний өнгөнөөс илүү чухал гэдгийг ойлгуулж чадвал энэ нь бүтээлч байдлын нэгэн жишээ болно.

Ийнхүү сэтгэж, хийхдээ зохион байгуулах чадваргүйгээр үр дүнг бүрэн үзэхэд хүндрэлтэй. Санаа байх ч түүнийг хэрэгжүүлэх аргаа мэдэхгүй бол бүтээлч байдал биеллээ олох боломжгүй. “Онолгүй практик бол сохортой адил, практикгүй онол бол доголонтой ижил” гэх И.Лениний үг дээрх чадварыг тодорхойлж чадах оновчтой үг гэж болно. Хувь хүний хувийн зан төлөвөөс хамаарах софт скиллүүд жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд ажил олгогчийн хэрэгцээ шаардлага, бизнесийн онцлог зэргээс шалтгаалж албан тушаал бүрт харилцан адилгүй тодорхойлогдоно. Тухайлбал: Компьютерийн анхан шатны засвар хийх чадвартай байх

Хувийн хамгаалалт сайтай байх

Шүүмжлэлт сэтгэлгээтэй байх

Орчуулга хийх чадвартай байх

Машин жолоодож чаддаг байх гэх мэт. Софт скиллүүдийг өөрийн ажил мэргэжлийн онцлогтоо тохируулан хөгжүүлж, ашиглаж сурах нь хувь хүний хөгжлийн зайлшгүй чухал хэрэгцээ төдийгүй ажил карьертаа ахиц гаргахад тань эдгээр чадварууд мэргэжлийн чадвар /hard skills/-ээс илүүтэй тус болно гэдгийг санахад илүүдэхгүй. Харилцааны ур чадвар, зарим төрлийн софт скиллүүдээ хөгжүүлэхэд тань туслах олон дасгалын хичээл, хамт олны хөтөлбөрт ч та хамрагдаж эдгээр чадвараа хөгжүүлэх боломжтойг бүү мартаарай. Written by Ariun Kang Business lawyer, Contract specialist

Сэтгэгдэл