2025 ОНД ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙХ УР ЧАДВАРУУД

Дэлхийн эдийн засгийн форум жил бүр гишүүн байгууллагууд, тэдгээрийн удирдах ажилтнуудаас авсан судалгааны үр дүнг нэгтгэн "Future of Jobs" нэртэй тайланг гаргадаг билээ.

Уг тайланд хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажил олгогчдын хүлээлт болон ажилтнуудын ур чадварын шилжилтийг онцолж, хамгийн сонирхолтой үр дүнгүүдийг нийтэд хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн Signature сэтгүүлд өнгөрсөн сард нийтлэгдсэн уг тайлангийн хамгийн анхаарал татсан хэсэг болох 2025 онд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн өндрөөр үнэлэгдэх ур чадваруудын жагсаалтыг танилцуулж байна. 50% - Ердөө таван жилийн дотор хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажиллаж буй мэргэжилтнүүдийн 50 хувь нь ур чадвараа ахиулж, зах зээлийн шинж чанартай уялдуулан өөрчлөх ёстойг онцолжээ.

Технологийн дэвшил, аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр бидний ажлын хэрэгсэл, ажиллах орчин болон үүрэг даалгаврууд өөрчлөгдөж байгаа нь үүний гол шалтгаан. Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсанаар ирэх таван жилд нийт 85 сая ажлын байрыг роботууд орлон гүйцэтгэх чадамжтай болох бөгөөд 97 сая ажлын байр машин-хүн-алгоритм хоорондын харилцаан дээр үндэслэн шинээр үүсэх гэнэ.

Тайлан анх гарснаас хойш хамгийн эрэлттэй ур чадварын жагсаалтыг нухацтай сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар тэргүүлсээр ирсэн нь энэ жил ч хадгалагджээ. Үүнээс гадна хувийн менежментийн ур чадварт хамаарагдах идэвхтэй суралцах чадвар, хатуужил, стресс удирдах чадвар зэрэг шинээр нэмэгдсэн байна.

Ажил, амьдралын тэнцвэр тухай ихээхэн яригдах болсон өнөө үед сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай асуудлыг ажил олгогчид ухаарч эхэлж буй нь үүгээр илэрнэ. Ажлын байранд шинэ арга барил, шинэ сэтгэлгээ бүхий залуу үеийнхэн хүч түрэн орж ирж буй учир тасралтгүй суралцаж, шинэ ур чадваруудад суралцах нь түүнээс дутуугүй чухал. Нөгөө талаас, дижитал шилжилтийн нөлөөгөөр технологи хэрэглээ, түүнтэй дасан зохицох чадвар мөн программчлал, технологийн хэл эзэмших нь давуу тал болон хувирч байна.

Уламжлалт бизнесийн орчинд чухалд тооцогдсоор ирсэн шийдвэр гаргалт, бүтээлч, оригинал сэтгэлгээний үнэ цэн одоог хүртэл хадгалагдсаар ирсэн нь санамсаргүй хэрэг биш. Энэ жилийн тайланг Дэлхийн эдийн засгийн форумаас ажил мэргэжлийн сүлжээ "LinkedIn", онлайн сургалтын платформ "Coursera"-тай хамтран бэлтгэсэн байна.

10 гол ур чадвар:

1. Аналитик сэтгэлгээ, инновац

2. Идэвхтэй, сурахад суралцах чадвар

3. Төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвар

4. Нухацтай сэтгэлгээ

5. Бүтээлч, оригинал сэтгэлгээ

6. Манлайлал

7. Технологи ашиглах чадвар

8. Программчлал, технологийн хэл

9. Хатуужил, стресс удирдах чадвар

10. Асуудал шийдвэрлэх, санаачлах чадвар

Шинэ ур чадварыг өөртөө хэвшүүлнэ гэдэг олон хүчин зүйлээс хамаарах төвөгтэй эд. Уг хугацааг илүү богиносгож, ажилчдад ирэх ачаалал болон дарамтыг багасгахад бизнесийн байгууллагын удирдлагуудын үүрэг оролцоо их гэдгийг тайланд онцолсон байв. Тэд ажилчдад өөрсдийгөө хөгжүүлэх боломж олгох, төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжих боломжтойг ч жишээлэн дурджээ. Эдгээрээс хамгийн онцлох зүйл нь шинэ ур чадварыг хэвшүүлэх хугацаа байв.

Хүнд аливаа төрлийн соёл, борлуулалт, маркетингтай холбоотой ур чадваруудыг суралцахад нэгээс хоёр сарын хугацаа шаардлагатай гэнэ. Энэ нь эдгээр чиглэлүүдээрх онол нь орчин үед сайтар хөгжсөн, практик дээр суурилсан хэрэгслүүд элбэг байдагтай холбоотой аж.

Харин бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тоон өгөгдөлтэй холбоотой ур чадваруудыг суулгахад гурваас дөрвөн сар хэрэгтэй гэнэ. Эдгээр нь өөрийн гараар зарим зүйлс дээр ажиллаж, тодорхой жишээ, туршлага дээр үндэслэгддэг учир зарцуулах хугацааны хувьд "дундаж"-д орох аж. Хамгийн их буюу таваас дээш сарын хугацаа шаардагддаг ур чадвар бол программчлал, компьютерын нарийн ур чадварууд.

Товчхондоо, энэ ур чадваруудыг суралцах нь тухайн хүнээс асар их хүчин чармайлт шаарддаг, техник хэрэгслүүд болон онолын ойлголт нь үргэлж шинэчлэгдэж байдагтай холбоотой юм.

Сэтгэгдэл